САНГИЙН ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

Шударга Ёсыг Бадраах Сангийн үйл ажиллагаатай танилцаж буй эрхэм Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга асан Дашдоржийн Бадраа агсны гэр бүлийнхэн, анд найз, түүний ажлын хамт олон, Шударга Ёсыг Бадраах Сангийнхан мөн шударга үйлсийг түгээн дэлгэрүүлэгч, дэмжигч та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгаж мэндчилье.

Манай Шударга Ёсыг Бадраах Сан нь хэн бүхний мэдэх шударга ажилласныхаа төлөө амь насаа алдсан гунигтай, эмгэнэлтэй учир шалтгааны нэгэн үр дагавар болж Бадраа агсны үйл хэргийг үргэлжлүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор ойр дотны найз нөхөд, гэр бүл болон хамт ажиллаж байсан хамт олны төлөөлөл хамтран “Шударга Ёсыг Бадраах Сан” ТББ-ыг 2006 онд үүсгэн байгуулж албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус оноос эхлэн нийгэмд шударга үйлсийг түгээн дэлгэрүүлж үргэлжлүүлэх залуучуудыг дэмжих зорилгоор оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг 5 дахь жилдээ зохион байгуулж давхардсан тоогоор 30 орчим МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль болон Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгож сангийн үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлж, ам бүл нэмэгдсээр байна.

Санг үүсгэн санаачлагч нөхдийн мөн гадаад, дотоодын олон хандивлагч, дэмжигчдийнхээ хүчин чармайлтын дүнд Шударга Ёсыг Бадраах Сангийн үйл ажиллагаа тогтвортой явагдахаас гадна хамтын ажиллагаа үр дүнгээ өгч байгаа өнөө үед өнгөрсөн жилээс эхлэн “Зөв Банк ХасБанк”-ны хамт олон сангийн зорилго үйл ажиллагааг идэвхтэйгээр дэмжин, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр болон иргэдэд санхүүгийн боловсрол эзэмшүүлэх зорилготой эв санаа нэгтэйгээр хамтран ажиллаж байна.

Үүнд өнгөрсөн хугацаанд Шударга Ёсыг Бадраах Сангийн үйл ажиллагааг гардан хэрэгжүүлсэн удирдах зөвлөлийнхөн, төгсөгч оюутнууд мөн сангийн тэтгэлэгт оюутнуудын маань ч хичээл зүтгэл бас бий. Санг санаачилсан, шударга ёсыг дэлгэрүүлэх ажил үйлсэд нь хүчин зүтгэж, дэмжин тусалж байгаа бүхэнд талархаж буйгаа илэрхийлье.

Шударга Ёс Дэлгэрч, Үргэлжид Мандах Бадрах Болтугай!

Хүндэтгэсэн:
Б.Батсайхан
Шударга Ёсыг Бадраах Сангийн Тэргүүн

mask
author

ШУДАРГА ЁСЫГ БАДРААХ САНГИЙН ТЭРГҮҮН

Б.БАТСАЙХАН